Б.Бямбасайхан: Бид сайн ажилласан хүнийг үнэлдэг нийгэмд амьдарч байна

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайханыг CEO буландаа урьж ярилцав. Тэрбээр “Мобиком корпораци”, “Клин Энержи” компанийн ТУЗ-ийн дарга, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол”, “Ньюком групп”-ийн 

-Та аль дунд сургуулийг төгссөн бэ?

-Манай аав ээж хоёр Гадаад яамнаас тэтгэвэртээ гарцгаасан. Аав маань жолооч, ээж дипломатч хүн. Би багадаа орос сургуульд сурсан. Намайг тавдугаар ангид байхад аав ээж АНУ-ын Нью-Йорк хотод томилогдон ажиллах болсон юм. Англи хэл мэдэхгүй очсон. Хүүхэд юм болохоор орчиндоо хурдан дасаж, гурван сарын дараа хичээлээ ойлгож эхэлсэн. Нью-Йорк олон соёлыг нэгтгэсэн хот. Манай ангид олон орны хүүхдүүд байв.

Америкаас буцаж ирээд нийслэлийн 54 дүгээр сургуулийг төгссөн юм. Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн орж, Ж.Баясах, Д.Баярхүү багшийн шавь болсон. Ж.Баясах багш Олон улсын харилцааны дээд сургуулийг үүсгэн байгуулсан хүн шүү дээ. Мэдээж олон багштай байсан. Гэхдээ нэр дурдсан хоёр багш маань миний өдий зэрэгтэй явахад гол нөлөө үзүүлсэн, ачтай хүмүүс.

Бага байхад надад дипломатчийн ажил их сонирхолтой санагддаг байв. Аав ээжийн нөлөө ч байсан байх. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад Олон улсын харилцааны сургуулийг сонгосон.

1997 онд оны шилдэг оюутнуудыг шалгаруулахад би тэнцэж, гадаадын нэр хүндтэй их сургуульд магистр хамгаалах Засгийн газрын тэтгэлгээр шагнуулав. Дараа жил нь их сургуулиа төгсөөд АНУ-ын нийслэлд Жорж Вашингтоны их сургуульд олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр сурч, 2000 онд төгссөн.

-Анх ямар ажил хийсэн бэ?

-Америкаас ирээд аравдугаар ангид байхдаа орчуулга хийж эхэлсэн. Бага ангийнханд англи хэлний хичээл заана. Гаднын сэтгүүлчдэд аман болон бичгийн орчуулга хийж тусална. Хоногийн 20 ам.доллараар орчуулга хийнэ. 1993-1995 онд энэ нь тухайн үеийнхний нэг сарын цалинтай тэнцэж байв. 1995 оны зун Сэлэнгэд Тужийн нарсанд ЖАЙКА-гийн ойн нөөцийн судалгааны төслийнхөнтэй хоёр сар гаруй хамт ажилласан. 1,500 ам.долларын цалин авч, дийлэнхийг нь аав ээждээ өгсөн. Тухайн үедээ би их л “баян” оюутан байв.

Албан ёсны ажлын тухайд 1997 онд Гэгээрлийн яам гэж байв. Одоогийн БСШУСЯ. Ч.Лхагважав сайд манай багш нарт хандаж, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн маань ажлаасаа гарсан. Англи хэлэндээ сайн оюутан явуулаач гэсэн юм билээ. Багшийн хэлснээр би Ч.Лхагважав сайд, Төрийн нарийн бичгийн дарга Р.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Яг тэр үед Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид яаманд ирж таарсан. Тэгсэн шууд л за чи суугаад, орчуул гэлээ. Уулзалт дуустал чи ажилд орлоо гэв. Гэгээрлийн яаманд хичээлийнхээ хажуугаар нэг жил хагас ажилласан.

Дараа нь Америкт магистрт сурах хугацаандаа АНУ-ын засгийн газрын USAID гэж хөгжлийн туслалцаа үзүүлдэг байгууллагын нэг хөтөлбөрт ажиллаж эхэлсэн юм. Энэтхэг, Шри Ланка гэх мэт Өмнөд Азийн орнуудад Америкийн шилдэг технологийг нэвтрүүлэх ажил байсан. Агаарын бохирдол, усны хомстол, цэвэр усны хангамж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны менежмент гэх мэт олон салбарыг хамарч ажилласан.

2004 онд би АХБ-ны Залуу мэргэжилтний хөтөлбөрт хамрагдсан юм. АХБ жилд таван л хүнийг сонгон авдаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрт тэнцсэнээр ажлын урилга хүлээн авч, би Филиппин рүү нүүсэн. Тэнд эрчим хүч, дэд бүтцийн салбарт ажиллах гараагаа тавьсан. Үүнээс хойш цэвэр эрчим хүч рүү эргэлт буцалтгүй орсон доо.

 

-Багаасаа гадаадад амьдарснаар та ямар давуу талыг олж авсан бэ?
-Хэдий бид чи аль аймгийнх вэ гэж бие биеэсээ асуудаг ч нутгаасаа гараад бүгд адилхан Монгол хүн. Хилийн дээс алхахаар биднийг доогуур үнэлдэг. Одоо ч ийм зүйл надад тохиолддог. Яагаад гэвэл чи Монгол учраас. Энэ бол бодит байдал. Бид өрсөлдөөнтэй зэх зээлд амьдарч байна. Зарим хүн Монголоос ирсэн гэхээр хаана байдгийг нь ч мэддэггүй. Ийм нөхцөлд олон удаа орохоор хүн бусдаас илүү ажиллаж байж л амжилтад хүрнэ гэдгийг ойлгодог. Энэ бол миний гол зарчим. Би энэ замаар явж байна. Тэгж л бусдаас ялгарна. Түүнээс яг адилхан сургууль төгссөн, ижил чадвартай хүмүүс эргэн тойронд олон байна. Чи сайн ажиллавал түүнийг чинь үнэлдэг нийгэмд амьдарч байгаа нь сайн хэрэг.

Миний анзаарснаар манайхан өөрийгөө гадныхнаас доогуур тавьдаг, өөртөө итгэлгүй байдаг нийтлэг сул талтай. Олон хүн өөрийгөө бусадтай адил хэмжээнд байна гэж ер төсөөлдөггүй. Би хүнтэй ажил ярихдаа нөгөө хүнтэйгээ яг ижил түвшинд харилцдаг. Гэхдээ энэ нь мэдэхгүй зүйлээ, мэддэг царайлна гэсэн үг биш. Бизнесийн соёлоо бусдын жишигт хүргэн, цэц булаалдаж л амжилтад хүрнэ. Би багаасаа гадаадад амьдарснаар өрсөлдөөнтэй орчныг мэдэрч, бүх зүйл чамаас өөрөөс чинь хамаарна гэдгийг ойлгож авсан гэж болно. Мөн аливаа ажлыг системтэй хийж сурсан.

Би Монголын түүхээрээ маш их бахархдаг. Өргөн уудам тал нутагт амьдардаг болоод ч тэр юм үү монголчууд шинэ орчин, дэвшилтэт техникт их хурдан дасдаг, дор нь хэрэглэж сурдаг, задгай, чөлөөтөй сэтгэлгээтэй. Гадаад хэлийг хурдан сурдаг. Түүнээс хүмүүс хоорондоо адилхан гэдэг биз дээ. Хөрөнгө оруулагч бүр Монгол Улсыг сайн мэдэхгүй. Тэд танаар дамжуулж мэдээлэл авна. Хэрэв та өөртөө итгэлтэй байж, тооцоо судалгаагаа стандартын дагуу хийсэн бол хөрөнгө оруулагчийн итгэлийг татаж чадна.

-Та орос хэлээ ашиглаж байна уу?
-Өдөр тутам ашигладаггүй. АХБ-нд ажиллаж байхдаа Казахстан, Узбекистан гэх мэт улсуудад эрчим хүчний төслүүдийг хариуцсан юм. Тэр үед багадаа сурсан орос хэл их хэрэг болсон. Ер нь гадаад хэл их чухал. Өнөөгийн нөхцөлд монгол хүн дор хаяж дөрвөн гадаад хэл мэддэг байж л өрсөлдөх чадвартай болно. Би монгол, англи, орос хэлээр бусадтай харилцаж байгаа ч энэ нь хангалтгүй байгаа өөрийнхөө туршлагаас дөрвөн хэл гэж байгаа юм. Англи хэл бол ойлгомжтой. Дээр нь хөршүүдийнхээ болон Япон, Солонгос, Франц хэлний аль нэгийг сурах нь бидэнд хэрэгтэй. Мөн гадаад хэл ашиглах хэрээр сэтгэлгээ задардаг байх.

Сингапур, Швейцарь гэх мэт жижиг улсууд өндөр хөгжсөн жишээг бид их ярьдаг. Тэнд ажиллаж, амжилтад хүрсэн хүмүүсийг харахаар дандаа олон хэл эзэмшсэн байдаг. Монгол Улс жижиг арал хэвээр үлдэхгүй, Азийн хөгжсөн эдийн засаг болно гэвэл бусадтай илүү харилцан уялдах шаардлагатай. Үүнийг хүн хоорондын харилцаа л урагшлуулна, хөгжүүлнэ. Монгол хэлийг бусад орны иргэд сонирхон сурах нь ховор болохоор бид л гадаад хэл эзэмшихээс өөр гарцгүй.

Мэдээллийн технологийн өнөөгийн эринд олон улсын харилцааны чиг хандлага их өөр боллоо. Зөвхөн дипломатч нар элчин сайд байхаа болив. Жишээ нь би ажлын гараагаа эхлүүлснээс хойших 20 жилийн хугацаанд байнга Монголын “элчин сайд” байсан гэж боддог. Яаж Монгол руу хөрөнгө татах, ямар шинэ бизнес эхлэх, хөрөнгө оруулагчдыг яаж Монгол руу уриалан дуудах вэ гэж дандаа бодож явдаг. Монгол хүнд итгэж болох юм байна гэсэн сэтгэгдэл, ойлголтыг төрүүлэх их чухал. Иймд биеэ авч явахаас эхлээд олон зүйлд анхаардаг.

Бизнес нь тогтворжин, дараагийн буюу ахисан түвшинд гарч, гаднын компаниудтай хамтран ажилладаг бүх бизнесмэн Монголыг аль нэг оронтой холбож эхэлсэн цагаас “элчин сайдын” үүрэг гүйцэтгэдэг. Би Монголын бизнесүүдээр их бахардаг. Биднийг хүүхэд байхад Монгол ямар байсан билээ дээ. Компаниуд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна. Бид дэлхийн түвшний үйлчилгээнд хурдан дасч байна.

 

МОНГОЛ ХҮН ДОР ХАЯЖ ДӨРВӨН ГАДААД ХЭЛ МЭДДЭГ БАЙЖ Л ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛНО

-Та хэзээнээс хөөрөг барих болов? Байнга авч яваа харагддаг.
-Анхны хөөргийг аав маань их сургуульд Америкт сурч байхад өгсөн юм. 2010 онд Монголд нүүж ирээд, 2011 оны Цагаан сараар золголоо. Зарим хүн намайг “явуулаад” хөөрөг чинь танд жаахан багадаад байгаа юм уу даа гэсэн. Тэгээд морины сийлбэртэй энэ хөөргийг Америкийн эртний эдлэлийн дэлгүүрээс авсан юм. Ээж даалинг нь оёж өгсөн. 2012 оноос хойш энэ хөөргийг тогтмол барьж байна. Хөөргөө гээж ч үзсэн. Анх хэрэглэж эхлэхдээ энд тэнд мартчихдаг байв. Нэг хэсэг хамрын тамхины “амтад” орсон. Ажил ихтэй үедээ их татдаг байв. Кофе уугаад ч сэргэхгүй болсон үед хамрын тамхи анхаарал төвлөрөхөд тусалдаг.

Манай зарим найз мэндлэхээсээ өмнө л алив тамхиа гэдэг юм. Хөөрөг ер нь хэрэг болдог шүү. Танихгүй хүнтэй уулзаад шууд ажил ярилтай биш. Тамхилаад, мэнд усаа мэдэлцэхэд нэмэртэй, харилцааны нэг хэрэгсэл юм. Бидэн шиг хөөрөг зөрүүлж мэндлэх соёлыг би өөр газарт лав хараагүй.

-Бизнэс эрхлэгч болоогүй бол та ямар ажил хийх байсан бол?
-Багад аав ээж хоёр намайг НҮБ-ын байгууллагад ажиллаарай гэж их ярьдаг байсан. Энэ замаар л явах байсан болов уу.

-Таныг сагс сайн тоглодог гэж сонссон. 
-
Монголд байхдаа хөл бөмбөг их тоглодог байсан ч Америкт очсон чинь Америкууд хөл бөмбөг бараг сонирхдоггүй байсан. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсны дараа л энэ спорт тархсан. Тэнд сагсан бөмбөг, америк хөлбөмбөг, бэйсбол илүү алдартай. Багадаа НБА (NBA) оддыг Монголд авчирна гэж мөрөөддөг байж. 2011 онд тухайн үеийн супер од Дуайт Ховардыг Монголд урьж, хүүхэд залуустай уулзуулж, жижиг мөрөөдлөө биелүүлсэн.

Би одоо ч долоо хоногт хоёр удаа сагс тогтмол тоглодог. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж бас стресс тайлдаг болохоор тоглодог. Хөл бөмбөгийг бол харж баясаж байна даа.

АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ ТӨСЛИЙГ ОЙРЫН ТАВАН ЖИЛД ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

-Одоо та ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Би Монгол эрчим хүч экспортлогч орон болно гэсэн мөрөөдөлтэй, зорилоготой. Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн өргөн уудам газар нутаг дээр шинэ мэдлэг, шинэ технологийг нийлүүлж чадвал эрчим хүчээ худалдаж болно. Энэ ажилд дийлэнх цагаа зарцуулж байна.

-Азийн супер сүлжээ бий болох магадлал хэдэн хувь бэ?
-100 хувь. Бид давуу талаа ашиглах ёстой. Бизнес хийж буй хүн сэргэлэн байх ёстой. Эрчим хүч бидний байнгын, суурь хэрэглээ. Цахилгаан тасрахад юу болдог билээ? Цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Азийн супер сүлжээний гол давуу тал нь оролцож буй улс бүрт ашигтай. Хэн нэг нь ялаад, нөгөө нь ялагдах тухай асуудал биш. Харилцан хамаарлыг бий болгож чадвал Монгол бусадтай хөл нийлүүлэн алхах нэг нөхцөл бүрдэнэ. Нар, салхи хаа сайгүй ч Монголд сэргээгдэх эрчим хүчийг 20-30 хувв хямд үйлдвэрлэх боломжтой. Энэ бол манай газар нутгийн давуу тал. Манай эдийн засаг дахин нэг тулгуур баганатай болж, ирэх 15-20 жилд манай ДНБ гурав дахин өсөх боломж юм.

Надтай хамт Монголын анхны салхин станцыг хамтран босгосон залуучууд одоо дэлхийн хаана ч ажиллах чадвартай инженерүүд болсон. Энэ салбарын мэргэжилтнүүдээ бид өнгөрсөн арван жилд боломжийн түвшинд бэлдээд байна.

Мөн бид хөршүүд, хоёр Солонгос, Япон улстай найрсаг харилцаатай. Хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд эхлээд стандартуудаа нэгтгэх шаардлагатай. Эрчим хүч наймаалцах гэж байгаа бол ямар дүрмээр тоглохоо тодорхой болгох нь зөв. Бусад улсуудтай тохиролцохын сацуу дотоодод хийх ажил ч их байна.

Азийн супер сүлжээ үүсгэх санаачилгыг эрчим хүчний компаниуд өөрсдөө гаргаж судалсан. Тэгээд улс төрийн түвшинд дэмжвэл энэ зах зээл бэлэн болно гэж үзэж байна. Доороос буюу ажил хэрэг болгодог хүмүүс эхлүүлсэн нь энэ санаачлагын давуу тал. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулж, надад энэ ажлыг нэг шат ахиулах үүрэг хүлээлгэсэн. Бидний хувьд ойрын таван жилд эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Монголд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг ч үйлдвэрлэх боломжтой. Харин дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байж, юун экспорт гэсэн сэтгэлгээг л давах хэрэгтэй байна. Учир нъ экспортлоод эхэлвэл ирээдүйд бид хамгиин хямд, хамгийн цэвэр эрчим хүч хэрэглэх боломжтой.

Дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангахын тулд зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, шинэ станц, сүлжээ барих шаардлагатай. Тэр хөрөнгө оруулалтыг тарифаар нөхнө. Тэгэхээр богино хугацаанд цахилгааны үнэ өсөхөөс өөр аргагүй. Харин ч манайд цахилгаан боломжийн үнэтэй байна. Хүмүүс цахилгааны үнэ өслөө гэхээр бухимддаг ч та хэдэн төгрөгийг сард төлдөг вэ гэж асуухаар ихэнх нь мэддэггүй. Шинэ орон сууц барья гэхээр цахилгаан нийлүүлэх хүчин чадал байхгүй. Хэрэглээ хүчин чадалдаа тулчихсан. Цахилгааны тарифыг нэмэхэд мэдээж хүн бүр дуртай биш. Миний өмнө нь ажиллаж байсан улсуудад засгийн газар нь үнээ нэмэхгүй байсаар сүүлдээ эрчим хүчний систем нь ачааллаа дийлэхээ больж, цахилгаан нь тасарч эхэлсэн. Тэгэхээр хүмүүс нь арга буюу дизель мотор асаадаг. Хэрэглэгчид найдвартай цахилгаан хангамж их чухал. Нэлээн хэдэн сарын өмнө Улаанбаатарт амралтын өдөр цахилгаангүй хэдэн цаг болоход юу боллоо доо. Шинэ орон сууцнуудын ус мөн тасарч, цахилгаан шат нь зогсон, олон хүн бухимдсан биз дээ.

ДЭЛХИЙД ХАМГИЙН ИХ НОГООН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА УЛС НЬ МОНГОЛ

-Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд төлбөрийг ам.доллараар заасан. Яагаад төгрөгөөр тогтоогоогүй юм бэ?
-Хувийн хэвшил бүрэн эрсдлээ хүлээгээд ам.доллараар хөрөнгө оруулалт хийж, нар салхины станцууд барьж байна. Иймд зардлаа нөхөхийн тулд ам.доллартай төлбөрийг уяж гүйцэтгэдэг. Бусад улсад ч ийм жишиг бий. Зах зээлийн харилцаанд орохоос өмнө хүмүүс цахилгаандаа бага мөнгө төлдөг байсан болохоор гэрлээ асаалттай орхидог байв. Хэдий одоо ч үйлдвэрлэдэг өртгөөсөө бага үнээр нийлүүлж байгаа ч хүмүүс мэдрэг болж, цахилгаанаа хэмнэж эхэллээ.

Уг нь цахилгааны үнийг үе шаттай чөлөөлөх УИХ-ын шийдвэрүүд аль 2000 оноос гарчихсан. Гэвч бүрэн хэрэгжүүлж зориглохгүй л байна. Эрчим хүчний нэг онцлог нь энэ салбар бусад салбараас түрүүлж алхан, үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт бусад салбарыг араасаа чирж, хөгжүүлдэг учиртай. Хэдий бид хямд цахилгаан хэрэглэж байгаа юм шиг харагдавч өртөг, үнийн зөрүүг нөгөө халааснаасаа төлдөг гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Цахилгаанаа өртгөөс нь бага үнээр хүргэж байгаа бол зөрүүг нь та татвараараа төлдөг.

-Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн өмнө тулгардаг нэг бэрхшээл нь үйлдвэрлэсэн бүх эрчим хүчээ шугам сүлжээнд нийлүүлж чаддаггүй. Энэ байдал хэвээрээ юу?
-Энэ бол жижиг зовлон. Сүлжээгээ өргөтгөх, шинэ технологи нэвтрэх хэрээр энэ асуудлыг шийдээд явна. Сэргээгдэх эрчим хүчийг засгийн газраас бодлогоор дэмжсэн учраас бид өдий зэрэгтэй байна. Энэ бодлого тууштай байх ёстой. Уул уурхайн дараа гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан салбар боллоо. Засгийн газрын ямар ч баталгаагүйгээр хагас тэрбум ам.долларыг энэ салбар руу хийсэн. Дэлхийд хамгийн их ногоон эрчим хүч хэрэглэж байгаа улс нь Монгол.

Олон улсын хуралд оролцохоор биднийг их магтана. Хүн амынх нь тоогоор харвал бид сэргээгдэх эрчим хүчийг хамгийн олуулаа хэрэглэж байна. Хөдөө айл бүр нарны эрчим хүч ашигладаг. Хэрэглээний зардал бага тул нарны хавтангүй айл хөдөө байхгүй. Сэргээгдэх эрчим хүч хөдөө аж ахуйн дараа манай эдийн засгийг өөд нь татах салбар болно гэдэгт би бүрэн итгэдэг. Гэхдээ ойрын зовлонгоор холын зорилгоо булингартуулж болохгүй.

-Эрчим хүчний яамнаас Сэргээгдэх эрчим хүчний шинэ хуулийн төсөл боловсруулж байна. ААН-үүд өөрсдөө судалгаагаа хийж, станц барих байршлаа сонгоод, тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргадаг. Харин шинэ хуулийн төсөлд ААН-ийн санаачилга дээр үндэслэн төсөл хэрэгжүүлэхгүй. Төр хаана ямар хүчин чадалтай станц бариулах захиалгаа өгнө. Тендер зарлана. Хамгийн боломжийн санал өгсөн компани төслийг хэрэгжүүлэх юм билээ. Энэ өөрчлөлт танай салбарт ухралт авчрах уу эсвэл урагшлуулах уу? 
-Заримдаа бид хэт том зах зээлийн туршлага, арга барилыг нэвтрүүлж, тэр нь манай хөрсөнд тохирохгүй, аль ч үгүй болох тохиолдол бий. Баруун Европ, Ойрхи Дорнодын орнуудынх шиг олон зуун гигаваттын хэмжээний хэрэглээтэй, том зах зээлд том компаниуд үнээр өрсөлдддөг. Бидэн шиг хоёрхон гигаватын хэрэглээтэй жижиг зах зээлтэй оронд тохирох эсэхийг сайн судлах шаардлагатай. Гаднын зөвлөхийн хэлсэн болгон зөв байдаггүй. Энэ салбарыг хөл дээр нь босгох гэж улс бүр өөр өөрийн загварыг туршсан. Одоо бидний мөрдөж буй загвар буруу байсан бол АНУ, Европ, Японоос хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулахгүй шүү дээ. Хувийн хэвшил энэ салбарт манлайлж байгаа нь зөв жишиг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/240336?fbclid=IwAR2X8kUZGTIETeIEpPC3TOZRU6OC74C9U72j6jmX0NasdHfd_mp3s-G5qdk